БАЯНХОНГОР: 3.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 12.9 мянган малчин өрхөд 3.9 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржина. Нийт малын 60 гаруй хувь нь ямаа, 30 орчим хувь нь хонь бол 10 хүрэхгүй хувь нь бод мал байна.
Нийт 23 өрхийн 9223 толгой мал өөр 8 суманд оторлож байгаа бол Өмнөговь аймгаас Баянлиг суманд 1 өрхийн 100 мал намрын отор хийж байна. Тус аймгаас бусад 13 аймаг, Улаанбаатар хотын нутагт нийт 78 өрхийн 18.244 толгой мал оторлож байгаа юм.
Ташрамд, аймгийн Онцгой комиссын хийсэн гангийн эрсдэлийн үнэлгээний дүнгээр Баянбулаг, Бууцагаан, Галуут, Жаргалант, Хүрээмарал сум гангийн дунд эрсдэлтэй, Баянлиг, Баян-Өндөр, Гурванбулаг, Богд, Баянговь, Жинст, Баянцагаан, Шинэжинст, Баацагаан, Өлзийт, Бөмбөгөр, Заг, Баянговь, Баян-Овоо, Эрдэнэцогт сум гангийн их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
27.9 хувь нь - бэлчээрийн нөөцтэй
10.3 хувь нь - бэлчээр хүрэлцээтэй
29.9 хувь нь - даац 1-3 дахин хэтэрсэн
9.6 хувь нь - даац 3-5 дахин хэтэрсэн
22.3 хувь нь - даац олон дахин хэтэрсэн хүрэлцээтэй буюу нийт нутгийн 38.2 орчим хувьд бэлчээрийн даац хэвийн, харин 61.8 хувьд хэтэрч гарсан байна. Үүнд бэлчээрийн даац олон дахин хэтрэлттэй сум Галуут, Баянлиг, Баянговь, Баацагаан, Бууцагаан, Гурванбулаг сум байна.