Сонгуулийн өдөр саналын хуудасны зургаа цахим хуудастаа байршуулбал 10 сая төгрөгөөр торгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд улс төрийн нам, эвслүүдээс цагдаагийн байгууллагад ирсэн гомдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэлийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул ярихдаа, “Өнөөдөр сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. Үүнээс хойш ямар нэг хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийвэл хууль зөрчсөн гэж үзнэ. Сонгуулийн өдөр иргэд саналаа өгөхдөө саналын хуудасны зураг дарж цахим хуудастаа байршуулбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу иргэнийг 10 нэгжээр буюу 10 сая төгрөгөөр торгох хуулийн заалт бий. Тиймээс сонгогчид саналаа өгөхдөө зураг дарж цахим хаягтаа хийхгүй байхыг анхааруулъя. Мөн сонгуулийн өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулсан тохиолдолд иргэнийг 10 мянган нэгжээр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжээр торгоно. Маргаашаас эхлэн гурав хоногийн хугацаанд согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон” гэв.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд сонгуультай холбоотой 492 гомдол, мэдээлэл бүртгэжээ. Үүнээс 247 нь орон нутагт, 218 нь нийслэлд байна. Мөн нийт гомдлын 146 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Гомдол гаргасан эх сурвалжийг нь ангилж үзвэл МАН-144, АН-154 ХҮН нам-15 гомдол, мэдээлэл ирүүлсэн байна. Харин мөнгө тараасан гэх гомдол цагдаагийн байгууллагад ирээгүй аж.
Сонгууль дуустал сонгуультай
холбоотой санал гомдлыг хүлээж авна гэдгийг албаныхан хэлэв. Дашрамд дурдахад,
иргэдийн сонгох эрхэд халдсан /гар утас руу нь залгаж хэнд саналаа өгөх, хэнийг
дэмжих вэ гэх мэт асуулт асуусан, хүний хувийн нууц мэдээлэл/-ийг авсан
тохиолдолд гомдлоо гаргах боломжтой аж.