ХӨВСГӨЛ: Барут хотын удирдлагууд мод тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Барут Марк хотын Засаг дарга Петр Илк тэргүүтэй удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж Мөрөн хотод мод тарилаа.
Энэ үеэр Барут Марк хотын Засаг дарга Петр Илк “Монголчууд бүх нийтээр мод тарьж, эх дэлхийгээ хайрлаж байгаад баяртай байна. Мод тариад орхих биш арчлан тордож ургуулах нь чухал. Энэ тал дээр бид анхаарч Мөрөн хотод ирэх онд байгаль орчны мэргэжлийн боловсон хүчнийг талууд харилцан солилцож, туршлага судлуулж ажиллуулахаар болсон” гэдгийг онцолж байлаа.
Хөвсгөл аймгийн хэмжээнд "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулахаар зорьж байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд 23 сум 1 тосгонд нийт
1,9 сая мод, бут тарьж ургуулж байна. Энэ намар 2300 гаруй мод бутыг тарина
гэдгийг Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга П.Мөнхжаргал ярилаа.