“Хонда”-гийн дараагийн үеийн цахилгаан машины технологиудыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-09 17:15:35

ТОКИО, 2024 оны аравдугаар сарын 9 /NHK/. Хонда Мотор” компани 2026 онд дэлхийн зах зээлд гаргах шинэ цахилгаан автомашинуудынхаа технологийг танилцууллаа. Эдгээр нь тус компанийн Zero series хэмээх шинэ цуврал цахилгаан автомашинуудынх нь загварууд байх ажээ.


Японы автомашин үйлдвэрлэгч компани үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, тээврийн хэрэгслүүдийн жинг бууруулж, тэдгээрийг хамгийн сүүлийн үеийн технологиудаар тоноглохыг зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Тухайлбал, тээврийн хэрэгслийн жинг бууруулснаар бүтэн цэнэгээр 480 км ба түүнээс дээш зайг туулах чадвартай болох ажээ. Түүнчлэн цэнэг хураагуурын хайрцгийг нимгэн болгосноор зайг хэмнэнэ. Үүний зэрэгцээ, гол эд ангиудыг жижигрүүлж, их биеийн бүтцийг энгийн болгосноор нийт жинг 100 орчим кг-аар бууруулах боломжтой байна.


Мөн цэнэг хураагуурын хайрцаг үйлдвэрлэхэд мегакастинг технологийг ашиглах нь үр ашгийг нэмэгдүүлэх бөгөөд цөөн тооны эд ангитай байх нь зардлыг бууруулах ажээ. Хонда”-гийн мэдэгдсэнээр, шинэ цахилгаан машинууд нь хиймэл оюун ухаан ашиглан автоматаар жолоодох системээр тоноглогдсон байх бөгөөд жолоочийн биеийн байдлыг хянаж, завсарлага авч амрах цаг болсныг сануулах гэнэ.


Хонда-гийн ерөнхийлөгч Мибе Тошихиро ирээдүйн төлөвлөгөөгөө тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Шинэ үнэ цэнийг бий болгохгүй байх аваас бид оршин тогтнож чадахгүй. Бид Zero seriesцувралаа өргөжүүлэхийг зорьж байна. Бидний тавьсан зорилт зөв зүйтэй гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Хонда компани Хойд Америк, Ази, Европын зах зээлд шинэ цахилгаан автомашинуудаа 2026 оноос эхлэн гаргахаар төлөвлөж байна. Улмаар 2030 он гэхэд дэлхий даяар ийм төрлийн долоон загварыг санал болгох зорилт дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ