ЗАВХАН: Уламжлалт өв соёлоо хүүхэд залуучуудад таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-09 15:42:02

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завханы Их-Уул сумын Соёлын төв өв соёлоо хүүхэд залуучууддаа таниулах олон талын үйл ажиллагааг ахмадуудтайгаа хамтран зохион байгуулж байна.  


Орон нутгийн иргэдэд зориулсан соёл, гэгээрлийн олон нийтийн үйл ажиллагаа, нутгийн өв тээгчдийн уулзалт, соёлын биет бус өвийн үзэсгэлэн, номын өдөрлөг, урлагийн тоглолт зэрэг олон талт соёл, урлагийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.  Мөн цахим хуудсаараа дамжуулан уламжлалт өв соёлуудаа таниулдаг. Мөн багуудын дунд нүүдэлчин өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэн сурталчлах зорилготой үйл ажиллагааг явуулсан. Энэ үйл ажиллагаанд ахмадууд маш идэвхтэй оролцдог. Тухайлбал багуудын ахмадуудын дунд “Ахмадын сургаал алт”, “Өв соёлоо дээдэлье, түгээн дэлгэрүүлье” сэдэвт аяныг зарладаг.


Сумын 2520 гаруй ахмад өв соёлынхоо талаар хүүхэд залуучуудад таниулсан байна. Жишээлбэл, Хуягт багийн ахмадууд эсгий хийх нутгийн онцлог аргыг залуучуудад зааж, эсгий үүдний талаарх сонирхолтой мэдээллийг өгч цахим орчинд ч байршуулсан байна.


Их-Уул сумын хувьд сэрүүн цаг агаартай тул долоодугаар сарын сүүлээс эхлэн эсгийгээ хийж эхэлдэг байна.

Тухайн айл дангаараа хийхэд хүч хүрэхгүй ажил учраас айл хотлоороо нийлж хийнэ. Өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд нь тухайн жилийн зун хяргасан эр хонь, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын ахрын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноосыг хамтад нь хольж хийдэг байна. Мөн эм хонины ноосыг эсгийнд хэрэглэдэггүй. Хоёр метр өргөнтэй, дөрвөөс таван метр урттай эсгийнд ойролцоогоор 50-60 кг ноос ордог тухайгаа ахмадууд хуучилжээ.


Мөн эсгий татах өдөр лам залж ном уншуулна. Эсгий татах хүмүүс болон чирүүлэх азаргаа товлоно. Эсгийг голдуу азаргаар татаж чирдэг бөгөөд говь газар бол тэмээгээр татдаг байжээ. Эсгий хийх нь шүүстэй буюу шүүсгүй гэж хоёр янзаар нэрлэгддэг. Хонь гаргаж найр хийвэл шүүстэй хэмээдэг бөгөөд дан цагаан идээгээр цайлж байвал шүүсгүй хэмээн нэрлэгддэг байна. Мөн хонины ноос өөрөө зунгагтайн дээр ямааны тосоор тосолж орхивол борооны ус нэвчдэггүй байна. Харин адууны хялгасаар бат бөх дээс томж гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийдэг тухай ахмадууд залуучуудад хэлж өгчээ. 


Эсгий үүд

Эсгий үүд эртнээс гэрийн хаалганд хэрэглэж ирсэн. Эсгий үүд бол ачих, тээхэд хөнгөн учраас нүүдлийн байдалд тохиромжтой. Үүд нь тэг дөрвөлжин бус, гонзгой дөрвөлжин хэлбэртэй, гэрийн хаалга хананы эрстэй зохицсон байх бөгөөд үүд хийхдээ ахрын эсгийгээр өнгөн талыг, уртын эсгийгээр доторлон хийдэг байжээ. Ахрын эсгий цэвэрхэн байдгаас гэрийн гаднах гоо үзэмжийг сайхан болгож, мөн уртын эсгий дулаахан болохоор түүгээр доторлодог аж. Эсгий үүдэнд хоолойвч, их бие, зээг, эмжээр, ширээс зэрэг зүйл ордог.  Ахар ба уртын эсгийг давхарлан шидээд түүний өнгө болох ахрын эсгий дээр тэмээний ноосоор ээрсэн утсыг дэвтээсэн зосонд (шороон будаг) дүрж тэр утсаар үүдэнд ямар хээ угалз гаргах ширэн зэргийг бодон ором тавьж гаргана. Тэр ормынхоо дагуу тэмээний ноосон ээрсэн утсаар ширнэ.


Эсгий үүд ширэхэд голдуу гэрийн үүдний голоор нь усан долгио, зоосон хээ, тагнай ширээс ширээд түүний захыг тойруулан хар өнгийн бөс тавин эмжин, эмжээрт алхан хээ гарган ширж, үүдний ирмэгийг дагуулан цагаан ба хар ноосон хос зээг барин чимэглэн бэхэлдэг байжээ. Эсгий үүдийг ширэх нь гэрийн гоо үзэмж нөгөөтээгүүр эсгийг бөхлөн удаан эдэлгээтэй байх ач холбогдолтой талаар ахмадууд маань хүүхэд залуучууддаа ярьж өгч, таниулсан хэмээн Их-Уул сумын Соёлын төвөөс мэдээлэв.


Ташрамд, Их-Уул сум нь 6500 гаруй хүн амтай Завханы томоохон сумын нэг. Соёлын төв нь жилдээ 30 гаруй тоглолт, үзвэрийг давхардсан тоогоор 5800 гаруй үзэгчдэд хүргэдэг ажээ. Мөн сумынхаа ховор нандин үзмэр, түүхийн олдвор бүхий музейн танхим, 5500 гаруй номын фондтой номын сангаар дамжуулан иргэддээ соёлын үйлчилгээг үзүүлж байна. 

Эсгий үүд бүхий гэр


Завхан аймгийн Их-Уул сумын өв тээгч өндөр настан Д.Аюурзана Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд оролцож

“Мал маллах арга ухаан” ай савын “Сарлаг маллах арга ухаан"-ыг  жуулчид, зочдод үзүүлж сонирхуулжээ.


Ахмадууд сумын Соёлын төвд нүүдэлчин соёлынхоо талаар хүүхэд залуучуудад таниулж байна

Холбоотой мэдээ