К.Харрис эрүүл мэндийнхээ байдлын талаарх эмчийн дүгнэлтийг нийтэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 13 /BBC/. Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис эрүүл мэндийнхээ байдлын талаарх эмчийн дүгнэлтийг бямба гарагт нийтэлжээ. Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа үед эл алхам нь түүний өрсөлдөгч өдгөө 78 настай Дональд Трампыг шахалтад оруулна гэж найдаж байна.
Д.Трамп Цагаан ордны одоогийн тэргүүн 81 настай Жо Байденыг албан тушаалдаа дэндүү хөгшиднө гэж хэдэнтээ мэдэгдэж, түүнд танин мэдэхүй чадвар буурч байгаа эсэхийг тодорхойлдог тест өгөхийг зөвлөж байсан юм.
Харин Одоо 59 настай К.Харрис Ардчилсан намаас нэр дэвшигч болсон тул түүний сонгуулийн штабын ажилтнууд Д.Трампын тактикийг өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа бололтой.
Дэд ерөнхийлөгчийн эмч Жошуа Сайммонс өчигдөр К.Харрисын эрүүл мэндийн бүрэн үзлэг шинжилгээний дүгнэлтийг нийтэлжээ. Тэрбээр К.Харрисыг “ерөнхийлөгчийн албыг хаших хэмжээний бие бялдар, оюун санааны чадамжтай” гэж дүгнэсэн байна. К.Харрис хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард үзлэг шинжилгээ хийлгэжээ.
Сайммонс эмчийн хэлснээр, өвчтөнийх нь хэвлийн хөндий болон арьсанд хийсэн шинжилгээгээр ямар нэгэн эмгэг илрээгүй, зүрх нь ямар ч асуудалгүй, чихрийн шижингүй, цусны даралт болон холестерины хэмжээ хэвийн байгаа аж. К.Харрисын ээж бүдүүн гэдэсний хорт хавдартай байсан тул тэрбээр урьдчилан сэргийлэх бүх зөвлөмжийг дагаж мөрдөж, бүдүүн гэдэсний шинжилгээг тогтмол хийлгэдэг байна.
Тэгвэл Д.Трампын эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?
Д.Трамп наймдугаар сард “CBS” сувагт ярилцлага өгөхдөө сүүлд хийлгэсэн эрүүл мэндийн үзлэгээр эмч түүнд "хамгийн дээд зэргийн үнэлгээг өгсөн" гэж мэдэгджээ.
Гэхдээ тэрбээр өөрийнхөө эрүүл мэндийн талаарх мэдээллийг хэзээ ч нийтэлж байгаагүй юм. 2015 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа түүнийг "ерөнхийлөгчийн албанд урьд өмнө сонгогдож байсан хүмүүсээс хамгийн эрүүл хүн" байх болно хэмээн бичсэн эмчийнхээ захидлыг нийтэлж байв.