БНТУ-ын Элчин сайд МОНЦАМЭ агентлагт зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-10-17 15:47:06

МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг манай оронд дипломат албаа хашиж дуусгаад Иордан улсад элчин сайдаар ажиллахаар томилогдсон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагөзтэй уулзаж, нөхөрсгөөр ярилцав.  

МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг "Ноён элчин сайд Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Турк улсын мэдээллийн Анадолу агентлагийн хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулахад туслан ажиллахын зэрэгцээ БНТУ-аас Монгол Улсад айлчилж байсан хэвлэл мэдээллийн салбарын зочдыг МОНЦАМЭ агентлагтай байнга танилцуулж, хамтын ажиллагааны олон үйл явцын эхлэлийг тавьсанд" талархал илэрхийллээ. 

БНТУ-ын Ерөнхий сайдын зөвлөхтэй уулзахдаа "Хоёр тал улс орны холбогдолтой мэдээллийг гуравдагч эх сурвалжаас биш, зөвхөн тухайн улсын мэдээллийн агентлагуудаас авч дамжуулах талаар ярилцсан” гэдгийг онцлон тэмдэглээд, Элчин сайдын цаашдын ажилд өндөр амжилт хүсэв.

Турк улсын Элчин сайд Мурат Карагөз  хариу талархал илэрхийлж, Турк улсад гарсан хэрэг явдлын талаарх шуурхай, бодит мэдээллийг Монголын олон нийтэд хүргэсэн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчдэд талархал илэрхийллээ.

Дашрамд дурдахад, элчин сайд М.Карагөз нийгмийн мэдээллийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч бөгөөд твиттер сүлжээнд түүнийг 1700 гаруй дагалдагч, түүний дотор 100 гаруй монгол хүн байдгийг дурдав. 

Тэрбээр Элчин сайдаар томилогдсон даруйдаа ЭСЯ-ныхаа нийгмийн мэдээллийн сүлжээг /сошиал медиа/ эрс идэвхжүүлснээр тус сүлжээнд одоо 5000 гаруй хүн байнга хандаж буйг ч дуулгаад хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд цаашид ч туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Б.Адъяахүү     

Холбоотой мэдээ