ХОВД: 11 алба хаагч элсэлтийн шалгалт өгснөөс дөрөв нь их, дээд сургуульд элсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-14 15:59:03

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” нь Монгол Улсын иргэний үндсэн үүрэг мөн гэж заасан байдаг. 


Энэ үүргийг биелүүлэхээр Ховд аймгаас 2023 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, Баян-Өлгий аймгийн барилгын цэргийн 340 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаасан залуус өнөөдөр халагдаж ирлээ. 


Тэднийг аймгийн удирдлага болон эцэг, эх, гэр бүлийн төлөөлөл угтан авч, хүндэтгэл илэрхийлэв.  


Сүүлийн жилүүдэд цэргийн алба хааж буй залууст олон давуу тал бий болж байна. 


Энэ удаа халагдаж буй цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцсон бөгөөд барилгын засал чимэглэл, жолооч, засварчин гэх мэт 5-6 чиглэлээр мэргэжил эзэмшжээ.  


Мөн 18 алба хаагч ахлагч цол авсан бол найман алба хаагч өөрийн хүсэлтээр гэрээт цэргийн албанд шилжсэн байна.  


Үүнээс гадна цэргийн алба хаах хугацаанд 11 алба хаагч элсэлтийн шалгалт өгсөн. Үүнээс дөрвөн алба хаагч сонирхсон мэргэжлээрээ их, дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болжээ.     


Бусад алба хаагчийн тухайд цаашид энх цагийн бүтээн байгуулалтын ажилд оролцох, төрийн албанд ажиллах, хууль хүчний байгууллагад үүрэг гүйцэтгэх эрх нь ийнхүү нээгдэж байна. 


Түүнчлэн Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дээрх цэргийн алба хаагчдад ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэхээр болжээ.    


Дараагийн ээлжийн цэрэг татлага энэ сарын 2-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ.   


Холбоотой мэдээ