ДОРНОГОВЬ: Ноён хутагтын үлдээсэн өв буюу музей

ӨВ СОЁЛ
erdenebulgan@montsame.mn
2024-10-15 08:46:39

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Сайншандын төвд байрлах хоёр давхар хүрэн улаан орд өргөө бол эрдэмт мэргэн Гэгээнтний үүсгэн байгуулсан Гиваадин Равжаалан нэртэй үзмэрийн сүмийн үргэлжлэл болох түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан музей юм.


Ноён хутагт эл үзмэрийн сүмээ 1840-өөд онд байгуулжээ. Үүнийг хожим Ноён хутагтын долоо дахь үеийн тахилч З.Алтангэрэл 1991 онд санаачлан байгуулсан юм.


Эл орон газарт буй Ноён хутагт Равжаагийн  өв соёл нь түүний тахилч хэмээгдэх олон хүний амьдрал, хөлс хүч, оюуны их мандлын уйгагүй зүтгэлийн үрээр жарнаас жарныг дамжин цөвүүн цагийн гэм ёрт өртөлгүй хадгалагдан ирсэн Монголын түүх соёлын үнэлж баршгүй үнэт өв аж.


Музейд эрдэмт мэргэн гэгээнтний яруу найргийн бүтээлүүд, 100 орчим урт, богинын дуу, гүн ухааны боть зохиол, жүжгийн дэвтэр, зурсан зургууд буй.


Үүдээр ороод л бичиг соёлын дурсгалууд ном, сурах бичиг, гар бичмэл зохиол, анагаах ухааны зан үйлийн бүтээлүүдийг шимтэн сонирхож болох бөгөөд дээд давхарт цамын бүжиг хийгээд шашны зан үйлийн хувцас, хилийн чанад болон бусад ихэс дээдсээс бэлэглэсэн шүтээн дурсгал, Ноён хутагтын  хэрэглэж байсан эд агуурсыг дэлгэсэн байдаг.


Үүнээс гадна нэг зүйлийг тодруулан өгүүлэх нь сонирхолтой санагдах. Говийн тавдугаар дүрийн эрдэнэ мэргэн, догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний  210 жилийн ойг тохиолдуулж 2013 онд Сайншанд хотноо зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр зохиолч, сэтгүүлч Г.Цэдэвдорж агсан  хутагтын нэрийн утга учрыг үнэн мөнөөр нь зөв тайлан унших хэрэгтэй байгааг судалгааны бүтээлдээ дэвшүүлсэн байдаг.




Ноён хутагт шүлэг зохиолынхоо ард өөрийнхөө нэрийг бичихдээ Равжаа нэрт тоть“Газрын хязгаарын хуварга галзуу РавжааӨлзийтийн хүү өнөөх гайхал Равжаа гэх зэргээр бичиж үлдээдэг байжээ.


Эрхэм зохиолчийн судалж тогтоосноор галзуу, согтуу гэдгийг энгийн ойлголтоор ойлгож болохгүй. Халхын ноён хутагтын талаар эрдэмтэн Хатанбаатар, Мэндсайхан нарын номд эгэлгүй бөгөөд хосгүй ухаантныг “Галзуу” хэмээн нэрийддэг тухай бичсэн байна.


Согтуу гэдэг нь архийг ус болгож урвуулдаг ид шидтэй, түүнийгээ зөвхөн бурханд зориулан хэрэглэдэг байх жишээтэй. Тэр бүү хэл Төвөдийн ихэс дээдэс гэгээнтнүүд билиг билгүүн гэдгийг эгэлгүй, хосгүй гэж үзээд “Галзуу” хэмээн нэрийддэг байж. Тэгэхээр энэ нэр нь ноён хутагтыг өргөмжилсөн өндөр зэргэмжтэй байсныг баталсан хэрэг гэж хүүрнэж байжээ.


































Холбоотой мэдээ