Хятадад үйлдвэрлэсэн шилэн хуванцар материалын импортод Европын Холбоо татвар ногдуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-10-14 17:00:45

БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 14 /TASS/. Европын Холбоо /ЕХ/ Хятад улсад үйлдвэрлэсэн шилэн хуванцар материалын импортод 26.3-56.1 хувийн демпингийн эсрэг урьдчилсан татвар ногдуулжээ. 


Татварыг Европын үйлдвэрлэгчдээс гаргасан гомдлын дагуу зургаан сарын хугацаатай тогтоосон байна. "Нарийвчилсан шалгалтын дүнд демпингийн эсрэг түр зуурын татварыг “Henan Guangyan” компанийн материалд 26.3 хувь, Хятадын бусад үйлдвэрлэгчдийн хувьд 56.1 хүртэлх хувийн түвшинд тогтооно" гэж ЕХ-ны Зөвлөлийн тогтоолд дурджээ.


Уг тогтоолд Европын Комиссоос явуулсан демпингийн эсрэг шалгалтын 40 хуудас бүхий дүгнэлтийг хавсаргаж, Хятадыг ЕХ-ны орнуудад "хямд" үнээр нийлүүлж буй шилэн хуванцар материалын үйлдвэрлэлд "хууль бусаар татаас олгож байна" гэж буруутгажээ. 


Хятадаас импортолж буй ийм материалыг автомашин, цахилгаан автомашины цэнэг хураагуур, автобус, галт тэрэг, салхин сэнсний ир, нисэх онгоц, барилгын тусгаарлагч материал үйлдвэрлэхэд ашигладаг байна. 


Шинээр татвар ногдуулснаар ЕХ Хятадтай хийж буй худалдааны дайнд дараагийн алхмаа хийлээ. Энэ сарын эхээр ЕХ Хятадын цахилгаан машинд 45 хүртэлх хувийн татвар ногдуулсан юм. Үүний хариуд Хятадын Худалдааны яам ЕХ-ны орнуудаас импортолж буй брендид демпингийн эсрэг арга хэмжээг энэ сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн нь Европын үйлдвэрлэгчид, тэр дундаа Францын үйлдвэрлэгчдэд ихээхэн хохирол учруулна гэж шинжээчид үзэж байна.


Холбоотой мэдээ