Хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-15 15:35:16

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/ 2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин багасгаж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлээд байна. 


ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд салбарын эрхзүйн орчны шинэчлэл, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулах үеэр ийнхүү тэмдэглэжээ.


Манай улсад одоогоор 983.485 гэр бүл бүртгэгдээд байгаа бөгөөд 5 гэр бүл тутмын нэг нь орон сууцны, 3 гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг гэх мэдээ бий. Иймд гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэл зүйчтэй болох боломж бүрдүүлж, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөртөө залуу гэр бүлийг түлхүү хамруулахаар төлөвлөжээ.

Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюунд тулгуурлан цахимжуулж, виртуал хэлбэрт шилжүүлэхээс гадна халамжийн давхардлыг арилгаж, ядуурлыг багасгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт хүргэх зорилгоо ГБХНХЯ мэдээлжээ.



Харин Нөхөн даатгалын тухай хууль, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох, тэтгэвэр тогтоох дараалласан 7 жилийг 5 жил, жил өсгөн тооцох зэрэг шийдвэрээс болж тэтгэврийн санд 4.7 их наяд төгрөгийн алдагдал үүсжээ. Ирэх оноос Эхийн алдар 2-р зэргийн одонд 200 мянга, 1-р зэргийн одонд 400 мянган төгрөг олгохоор болсон.


Түүнчлэн, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 30 хувиар нэмж, хөдөлмөр, хөдөлгөөн засал, хэл засал, асран хамгаалагчдад нь зөвлөгөө өгөх зэрэг дэмжих төвүүдийг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.


Иймээс УИХ-ын намрын чуулганд Нийгмийн даатгалын багц, Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай, Нийгмийн халамжийн үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэжээ.

Холбоотой мэдээ