Тэтгэврийн дансанд нийтдээ 380 тэрбум төгрөг хуримтлагдах тооцоо гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-10-16 11:51:34

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу энэ оноос Тэтгэврийн даатгалын санд 2 хувийн хуримтлал үүсгээд байна. Иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлж, өргөжүүлэх зорилготой энэхүү хуримтлал нь жилийн эцэс гэхэд 380 тэрбум гаруй төгрөгт хүрэх тооцоо гарчээ.


Хуримтлал нь иргэдийн регистрийн дугаараар, нэрийн дансанд мөнгөн хэлбэрээр хадгалагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-аас мэдээллээ.

Хоёр хувийн хуримтлал нь 2029 он хүртэл хадгалагдах бөгөөд 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэд Хуримтлалын сангаас дээрх хуримтлалаа зарцуулах эрх нь нээгдэх юм. Энэхүү мөнгөн хуримтлалыг иргэд эрүүл мэнд, боловсролын үйлччилгээнд зарцуулж болно. Үүнд:

  • Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, төлөлтөд,
  • Эрүүл мэндийн даатгал, гадаад, дотоод дахь эмчилгээнд,
  • Сургалтын төлбөрт тус тус зарцуулах боломжтой.

Мөн 4 төрлийн хэрэгсэл болгох буюу оруулах боломжтой аж. Үүнд, банкуудад хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах, Засгийн газрын болон бусад газраас гаргасан баталгаат бондууд болон Төв банкны үнэт цаасыг богино хугацаанд худалдаж авах, Төрийн сан дээр эргэлтийн байдлаар хүүтэй байршуулах гэсэн 4 төрлийн хэрэгсэл болгох боломжтой байгаа.

Улсын хэмжээнд нэг сая орчим иргэн тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын гэсэн 5 төрлийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Тэтгэврийн даатгалд 17 хувийн шимтгэл төлж байгаагаас 8.5 хувийг даатгуулагч цалингаасаа, мөн 8.5 хувийг ажил олгогч төлдөг. Энэ мөнгөнөөс 2 хувь буюу 17 хувиас 2 хувийг салгаад даатгуулагчийн мөнгөн хуримтлалын данс руу шилжиж орох юм. 

Холбоотой мэдээ