Казахстан Улсад төлсөн шимтгэлээ тооцуулж тэтгэвэр тогтоолгодог болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-16 16:54:13

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.


Засгийн газраас гадаад улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж ирсний нэг нь манай улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлж ирсэн явдал юм. Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон байна. Иймд хэлэлцээрийн төслийг Засгийн газрын энэ оны зургаадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлсэн аж. 


Хэлэлцээрийн төслийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар энэ оны тавдугаар сарын 28-нд хэлэлцэн дэмжиж, улмаар зургаадугаар сарын 6-нд тус улсын Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм.


Хэлэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардахгүй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Жангабыл, хэлэлцээрийн төсөлд Казахстан Улсад 1998 оноос хойш болон өмнө нь ажиллаж амьдарч байсан монгол иргэд тэтгэвэр авах асуудлыг хэрхэн зохицуулсныг тодруулав. Казахстан Улс 1998 оноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн. Иймд Монгол Улсын иргэн 1998 оноос өмнө тус улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тус улсад ажилласан жилийг тооцож, тэтгэвэр тогтооно. Харин Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан улсад ажиллаж, шимтгэл төлсөн бол тус улсаасаа шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэврийг авна гэж ажлын хэсгээс хариулав.


Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь  дэмжлээ гэж УИХ-ын ХМГ-аас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ