Т.Баяраа: Хэнтийгээс авах цэргийн тоогоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-18 09:52:30

Хэнтий аймгийн Цэргийн штабынхан саяхан Дорнод аймаг руу яваад ирсэн бол энэ сарын эхээр зүүн бүсийн аймгуудын цэрэг татлагын товчооны зөвлөлгөөн Хэнтий аймагт болж өнгөрсөн. Энэ талаар Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер дэд хурандаа Т.Баяраатай ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цэргийн штабынхан саяхан Дорнод аймаг руу яваад ирсэн байна. Ямар ажил амжуулав?

-Иргэн-Цэргийн харилцааг бэхжүүлэх, Аймаг орон нутгаа Цэргийн анги байгууллагад сурталчлах, тэнд алба хааж байгаа Хэнтий аймгийн цэргүүдтэй уулзах ажлын хүрээнд Цэргийн штабын дарга, дэд хурандаа Н.Хүрэлээгээр ахлуулсан Цэрэг татлагын товчооны болон эцэг эхийн төлөөлөл, АДБ-ийн Хан Хэнтий Чуулгын уран бүтээлчид зэрэг бүрэлдэхүүнтэй яваад ирлээ. Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Хилийн 0198, 0306 дугаар ангид 5 хоног ажиллаад, аймаг орон нутгаа сурталчилж, уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Бид усан бороо, цасан шуурганд ажралгүй 3000 гаруй км зам туулж, ан амьтан, жигүүртэн шувууд амгалан тайван хөлхсөн байгалийн үзэсгэлэнт Буйр нуур, Халх голын сав дагуух Сүмбэрийн боомт, Дэгээ гол, Сүмбэр, Их бурхант, Бага хүрээ заставаар орж, тэнд ажиллаж амьдарч байгаа хилчид, дайчидтай уулзаж, Хэнтий нутгийн мэндийг хүргэлээ. Хилийн болон Зэвсэгт хүчний ангид алба хааж байгаа Хэнтий нутгийн цэргүүд албаа нэр төртэй сайн хааж байгаа талаар анги, салбарын удирдлагууд магтан ярьж, цаашдаа Хэнтий аймгаас олон тооны цэрэг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

-Саяхан зүүн бүсийн аймгуудын цэрэг татлагын товчооны зөвлөлгөөн Хэнтий аймагт болж өнгөрсөн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд Спортын сайдын хамтарсан тушаалаар “Иргэнийг цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам” саяхан шинээр батлагдсан. Энэ журмыг сурталчлах, хэрэгжүүлэх зорилгоор БХЯ, ЗХЖШ-аас Зүүн бүсийн аймгуудын Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнтэй сургалт зөвлөлгөөнийг энэ сарын 3-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулсан. Зөвлөлгөөнийг хурандаа Р.Эрдэнэбилэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдан зохион байгуулж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Эрүүл мэндийн газрын эмч нар болон ЗХ-ний  232, 327, 338, Хилийн 0198, 0132, 0306, 0146 дугаар ангийн төлөөлөгчид оролцож, шинэ журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрч зарим нэг нэмэлт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэлээ.

-Тун удахгүй цэрэг татлага эхэлнэ. 2016 оны цэргийн жинхэнэ албаны татлага ямар хугацаанд явагдах вэ?

-2016 оны 2 дугаар ээлжийн Цэргийн жинхэнэ албаны татлага зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол, ЗХЖШ-ын даргын тушаал, Аймгийн Засаг даргын захирамж гарч 18-25 насны залуучуудад зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Манай аймгийн хувьд орон нутгийн сонгуультай давхцаж байгаа тул эмч нарын урьдчилсан үзлэгийг 10 дугаар сарын 10-наас эхлүүлээд байна. Энэ жилийн цэргийн жинхэнэ албаны татлага шинэ хууль, шинэ журмаар анх удаа явагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас ирүүлсэн хяналтын тоог харгалзан хугацаат болон цэргийн гэрээт албанд иргэдийг элсүүлж авна. Энэ дашрамд Цэргийн албанд татагдагч та бүхнийг Цэрэг татлагын байранд заасан цагт ирж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлэхийг уриалж байна.

-Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх талаар сүүлийн үеийн мэдээлэл өгнө үү?

-Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг эрье. 2016 оны  сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ анхны нэгдсэн чуулганаараа Батлан хамгаалах салбарыг онцгойлон авч үзэж, Батлан хамгаалах багц хуулийг шинэчлэн баталлаа. Үүнд: “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай” хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан бол хуучин мөрдөгдөж байсан “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг бүхэлд нь хүчингүй болгож, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг шинээр боловсруулан баталсан юм. Хууль батлагдсанаас хойш Батлан хамгаалахын сайд Хэнтий аймагт 3 удаа ирж Батлан хамгаалах багц хууль, түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлогын талаар иргэдтэй уулзаж, мөн Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажилласан. Манай Цэргийн штабын хамт олон шинээр батлагдсан багц хуулийг иргэдэд сурталчлах, хэрэгжүүлэх зорилгод бүх анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна.

Хэнтий аймаг Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ