ОРХОН: “Арифметикийн бодлого ба дасгалуудын хураангуй” номыг хувийн архивтаа хадгалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-10-25 12:02:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ЗХУ-ын математикч, нэрт эрдэмтэн Е.С.Березанскаягийн “Арифметикийн бодлого ба дасгалуудын хураангуй” ном Орхон аймгийн Номын төвийн дарга Д.Цэнд-Аюушт хадгалагдаж байна.


Түүнд өвөөгийнх нь номын сангаас уламжлагдаж ирсэн хоёр номын нэг нь энэ юм. Уг номыг орос хэлээс монгол бичиг рүү 1942 онд хөрвүүлж, БНМАУ-ын ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн математикийн хичээлийн сурах бичигт ашиглаж байжээ.


ЗХУ-ын анхны эмэгтэй математикч Е.С.Березанскаягийн “Арифметикийн бодлого ба дасгалуудын хураангуй”  /1940 онном нь арифметикийг энгийн сонирхолтой, хүүхдэд ойлгомжтой байдлаар бичсэн тул олон оронд орчуулан хэвлэсэн гэдэг. Мөн багш нарт зориулсан “Арифметикийн арга зүй” /1934 он/  номыг гадаадын олон оронд орчуулж байжээ.


Орос хэлээс монгол бичиг рүү 1942 онд орчуулан хэвлэсэн “Арифметикийн бодлого ба дасгалуудын хураангуй” номын бүлэг агуулга бүр нь энгийн ойлгомжтой, хүүхдийн сонирхол татахуйц, логик сэтгэлгээг хөгжүүлсэн, математикийн хичээлийг сонирхон судлах сэдлийг төрүүлснээрээ давуу талтай юм.


Ташрамд дурдахад, Е.С.Березанская нь ЗХУ-ын ерөнхий боловсролын сургуульд арифметикийн заах арга зүйг нэвтрүүлсэн, математикийн сурах бичиг, арга зүйн хөтөлбөрийг шинэчилсэн гэдгээрээ Оросын шинжлэх ухааны салбарт ихэд хүндлэгддэг юм. Тэрээр 1890 оны 12 дугаар сард төрж 1969 онд нас баржээ. 


Холбоотой мэдээ