ДУНДГОВЬ: Өвөлжилтийн бэлтгэлийг 60 гаруй хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-25 13:33:42
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл Дундговь аймагт 60 гаруй хувьтай байна.


Аймаг, сумын Засаг дарга нарын аюулгүй нөөц 210,3 тн өвс, 147,7 тн тэжээл нөөцөлж, аюулгүй нөөцийн бүрдүүлэлт 28 хувьтай байгаа бол малчдын хувьд 909,5 тн бүдүүн өвс, 614 тн үйлдвэрийн тэжээл, 800,5 тн гар тэжээл, 1197,1 тн давс, хужир шүү бэлтгэснээр өвөлжилтийн бэлтгэл 30,9 хувьтай хангажээ.  


Энэ өвөл 15 сумын 68 багийн нутагт 7347 малчин өрх, 1474 мал бүхий өрхийн 3,4 сая толгой буюу хонин толгойд шилжүүлснээр 4,7 сая толгой мал өвөлжих төлөвтэй байгаа. Харин өөр аймгийн нутагт 53 өрхийн 33850 толгой мал, аймаг дотроо 23 өрхийн 14005 толгой мал, бусад аймгаас 3 өрхийн 3476 толгой мал тус аймгийн нутагт оторлож байна.


6,8 сая га бэлчээрийн талбайн дундаж ургац 4,3 цн байгаа ба нутагтаа өвөлжих малын тоонд харьцуулснаар 4,1 сая га талбайд өвөлжиж хаваржих боломжтой, хэвийн хэмээн тодорхойлжээ.


Бэлчээрийн талбайн усан хангамжийн хувьд инженерийн хийцтэй 996 худаг, энгийн 2756 худаг байгаа ба нийт уст цэгийн 95,5 хувийг ашиглахад бэлэн, малчин өрхийн 99,6 хувь нь усаар хангагдсан байна.


Энэ жил 38 бодын хашаа, 75 богийн хашааг шинээр барьснаар аймгийн хэмжээнд малчид 1581 бодын хашаа, 7639 богийн хашааг ашиглаж байна. Малын хашаа хорооны хангамж, хүрэлцээ 80 хувьтай гэсэн тооцоо гарчээ. 

Холбоотой мэдээ