Дэлхийн агаар мандлын бохирдол түүхэн дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-10-29 15:31:13

ЖЕНЕВ, 2024 оны аравдугаар сарын 29 /azertag/. Дэлхийн дулаарлыг үүсгэж буй агаар мандлын бохирдол өнгөрсөн онд түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрсэн нь уур амьсгалын өөрчлөлтийг дэлхий дахин тогтоон барьж чадахгүй байгааг харуулж буй сэтгэл түгшээсэн үзүүлэлт юм гэж Дэлхийн цаг уурын байгууллагын судалгаанд дурджээ. 


Нүүрстөрөгчийн давхар исэл нь түүхэнд үзэгдээгүй хамгийн их хурдацтайгаар агаар мандалд хуримтлагдаж байгааг судалгаа харуулжээ. Сүүлийн 20 жилд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 10 гаруй хувиар нэмэгдсэн байна.


Судлаачдын хэлснээр, чулуужсан түлшний хэрэглээ буурахгүй байгаа нь агаарын бохирдол нэмэгдэж байгаагийн гол шалтгаан болж байна. Үүнээс гадна, ойн томоохон түймрүүд нөлөөлж байгаа ажээ. Мөн моддын нүүрстөрөгчийг шингээх чадвар буурч байж болзошгүй гэж үзэж байна. 


Өнгөрсөн онд нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж 420 ppm-д хүрчээ. Энэ нь аж үйлдвэрийн хувьсгал эхлэхээс өмнөх үеийнхээс 151 хувиар өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн метаны агууламж нэг тэрбумд 1934 нэгж (+265 хувь), азотын ислийн агууламж нэг тэрбумд 336.9 нэгж (+125 хувь) болжээ.


Дэлхийн агаар мандлыг бохирдуулагч бодисуудын хэмжээ нэмэгдсэнээр дэлхийн дулаарлыг хурдасгаж байгааг судалгаанд онцолжээ. Дэлхийн дундаж температур бага зэрэг нэмэгдэхэд л "бидний амьдралд, манай гарагт бодитоор нөлөөлдөг". Уур амьсгал дулаарахын хэрээр ой хээрийн түймэр гарах давтамж нэмэгдэж, агаар мандалд илүү их CO2 ялгарч, улмаар халсан далай тэнгисийн ус нүүрстөрөгчийг илүү ихээр шингээж авдаг байна.


Хамгийн сүүлд ийм үзүүлэлтэд хэдэн сая жилийн өмнө хүрч байсан бөгөөд тухайн үед дэлхийн дундаж температур 1-2 хэмээр халуун, далайн түвшин 10-20 метрээр дээшилсэн байжээ. 

Холбоотой мэдээ