Мексикийн ширэнгэн ойгоос майячуудын хаягдсан хот олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-10-30 12:25:43

МЕХИКО, 2024 оны аравдугаар сарын 30. /BBC/. Эртний майячуудын соёл иргэншилд хамаарах хаягдсан хотыг Мексикийн зүүн өмнөд нутгийн Кампече мужийн ширэнгэн ойгоос олжээ.


Энэхүү нээлтийг АНУ-ын Луизиана муж улсын Шинэ Орлеан хот дахь Тулейн их сургуулийн төгсөх ангийн оюутан, судлаач Люк Олд-Томас санамсаргүй байдлаар хийсэн байна. Тэрбээр уг хотыг “Google”-ийн компанийн боловсруулсан дэлхийн гадаргуугийн зургийг лазераар сканнердах LIDAR (Light Detection and Ranging) технологийг ашиглан илрүүлсэн ажээ. 


Люк Олд-Томас археологийн аргаар газрын зургийг судалж, ширэнгэн ойд нуугдаж байсан хотыг илрүүлжээ. МЭ-ий 750-850 онд ид цэцэглэн хөгжиж байсан оргил үедээ тус хот 30,000-50,000 хүн амтай байсан байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.  “Google”-ийн энэ газрын зургийг өмнө нь судалж байсан мэргэжилтнүүд хотыг анзаараагүй өнгөрсөн байна.


Улмаар археологичид Их Британийн Эдинбург хоттой харьцуулж болохуйц хэмжээтэй гурван байгууламжийг илрүүлж чаджээ. Цогцолборыг бүхэлд нь Валериана хэмээн нэрлэсэн бол энэхүү цогцолбор нь нийт эзлэх талбайгаараа эртний майячуудын хамгийн том суурин болох Калакмулын дараа орох ажээ.


Эрдэмтэд эндээс сүм хийдийн пирамидууд бүхий хоёр талбай, бөмбөг тоглох зориулалттай том талбай, мөн усан сан байсны ул мөрийг олжээ. Нийтдээ судлаачид янз бүрийн хэмжээтэй 6764 барилга байгууламжийг олж илрүүлсэн байна.


Ташрамд сонирхуулахад, археологичид өмнө нь орчин үеийн технологийг ашиглан Мексикийн Юкатан хойгийн өмнөд хэсгээс майячуудын соёл иргэншилд хамаарах хаягдсан хотыг илрүүлж байсан юм. Уг сууринг Окомтун гэж нэрлэжээ. Энэхүү хотыг илрүүлэхийн тулд судлаачид ширэнгэн ойгоор 60 км замыг туулсан байна. 

Холбоотой мэдээ