Азийн орнуудад нийгмийн хамгааллаар харилцан суралцах зүйл их байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. АХБ, Гэр бүл, нийгмийн хамгааллын яам хамтран зохион байгуулж буй “Нийгмийн хамгаалын форум” олон улсын хэлэлцүүлэг өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжиллээ.
Монгол, Азербайжан, Индонез, Пакистан, Филиппин, Узбекистан зэрэг АХБ-ны гишүүн орнуудын төлөөлөл оролцож өөрсдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцаж буй форум өнөөдөр “Нийгмийн халамж, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг бэхжүүлэх нь” сэдвээр боллоо.
Форумын үеэр Гэр бүл,
нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Засгийн газраас ядуурлыг 2 дахин
бууруулах, хүний хөгжлийн индексийн байрыг 10 дахин урагшлуулах зорилт
дэвшүүлээд буйг дуулгалаа. Тэрбээр, хүний хөгжлийн индекс гэдэг нь нийгмийн
хамгааллын буюу иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсролын сайн үйлчилгээг хэлж
буйг тодотгов.
Нийгмийн халамжид жилд 2.2
их наяд төгрөг зарцуулж буй Монгол Улс халамжийн бодлогоо эргэн харж, хөдөлмөр
эрхлэлттэй уялдуулан цэгцлэх болсныг салбарын сайд хэллээ.
АХБ манай улсад нийгмийн
хамгааллын чиглэлээр хүнсний эрхийн бичиг олгох, хөгжлийн бэрхшээлтэй болон
өндөр настнуудын хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, асран туслах төсөл, хөтөлбөр
хэрэгжүүлж ирсэн нь үр дүнтэй байгааг тус банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон
Коулин хэллээ. АХБ Монгол Улсад 1990 оноос хойш 500 сая ам.долларын тусламж, хөтөлбөр
хэрэгжүүлээд буйг тэрбээр мэдээлсэн юм.
Нийгмийн хамгааллын чиглэлээр АХБ-наас хэрэгжүүлж буй хамгийн сайн төсөл нь бага орлоготой өрхийг өөрсдөө хөдөлмөр эрхлэж, нийгэмд асан зохицох чадварыг бий болгох боломжоор хангаж буй хөтөлбөр юм гэдгийг сайд Л.Энх-Амгалан онцоллоо.
Тэрбээр АХБ-наас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн төслөөр 6 аймаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болж, тухайн иргэд хөдөлмөр эрхлэх, сурч боловсрон хөгжих, нийгэмд оролцох боломжийг хангаад, нийгмийн ийм толгтолцоог цааш бүрдүүлэхэд хувь нэмэр болж буйг нэмж хэлэв.
Азийн орнуудад нийгмийн хамгааллаар харилцан суралцах зүйл олон байв. Цалинтай ээж хөтөлбөр болон хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгож буйг хэрэгжүүлж болох сайн жишээ гэдгийг Филиппин улсын төлөөлөл Алдай Родора хэлж байлаа.