Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хөнгөлдөг.
Өнөөдрөөс эхэлж буй тус хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдана. Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлдөг.
Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон юм. Энэ онд 200 мянга орчим айл өрх хөнгөлөлтөд хамрагдах төлөвтэй байгаа бөгөөд 2024 оны улсын төсвөөс 30 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд гурван шаардлага тавьж байна. тодруулбал, хэрэглэгч хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээ болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэх, стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд галын аюулгүй ажиллагааг хангасан байх, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх зэрэг шаардлагыг хангасан тохиолдолд хөнгөлөлтөд хамруулдаг билээ.