ЗАВХАН: Улаагчны хар нуурыг 31 мянган жуулчин зорин үзжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна.
Тухайлбал Улаагчны хар нуурт энэ жил 31000 дотоод, гадаадын жуулчин иржээ. 2022 онд 55852 гадаад, дотоодын жуулчин ирсэн бол өнгөрсөн онд 34600 гаруй дотоодын жуулчин ирсэн байна.
Гадаад, дотоодын жуулчид, аялагчдын хамгийн их зорьдог газар бол Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур, Мухартын гол юм. Энэ жил гэхэд нийт аялагчийнн 70 гаруй хувь нь Улаагчны хар нуурыг зорин үзжээ.
Дотоодын жуулчдын хамгийн тулгамдсан асуудал
нь тухайн үзэсгэлэнт газар нутаг, байгалийн цогцолборт газарт эко жорлон байхгүй, хогийн
нэгдсэн цэг байхгүй, аяллын зам маршрутын тэмдэг тэмдэглэгээ байхгүй асуудал байсан.
Тиймээс орон
нутгаас жуулчдын ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар аялал
жуулчлалын бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт эко ариун цэврийн
байгууламж шинээр байгуулж
тэмдэг тэмдэглэгээг сайжруулжээ.
Ингэснээр
аялагчдыг тухтай амарч, зугаалах боломжоор хангаад зогсохгүй, тухайн газрын
хөрсийг хамгаалах, хог хаягдлыг багасгаж чадсан гэж Отгонтэнгэрийн улсын тусгай
хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Улаагчны хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, аймгийн төвөөс 110 километрт оршдог.
Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48-54 метр, уртаашаа 30 орчим километр, өргөн нь 5-10 километр сунаж тогтсон нуур юм.
Уг нуурт омуль, фельд гэсэн хоёр зүйлийн загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн их, бага хоёр Авгаш нэртэй арал бий.
Энд 13 гаруй зүйлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь үзэсгэлэнтэй харагддаг байна. Тус нуур нь байгалийн цогцолборт газар юм.
Улаагчны Хар нуур