Хүнсний хог хаягдлыг багасгах зорилгоор “Хоосон таваг” аяныг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Хүнсний хог хаягдлыг эх үүсвэр дээр нь багасгах зорилгоор “Хоосон таваг” аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар хамтран 2022 онд НИТХ-аар баталсан “Хог хаягдлын менежмент” бүлгийн хотын стандартыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Хүнсний органик хаягдал нь богино хугацаанд муудаж өөрөөсөө үнэр, шингэн ялгаруулдаг бөгөөд бусад хог хаягдлыг урвалд орох, ялзрах химийн хорт бодис ялгаруулах үндсэн шалтгаан нөхцөл болдог байна. Иймээс хүнсний органик хог хаягдлыг тусад нь хадгалах, эх үүсвэр дээр нь багасгах нь ач холбогдолтойг Хот байгуулалт, хотын стандартын газрын Агаарын чанарын стандарт хариуцсан мэргэжилтэн Б.Болор тэмдэглэжээ.
Өнгөрсөн онуудад “Хог хаягдлын менежмент” бүлгийн UCS 1701A:2022 хотын стандартын хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажилласныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
“Хоосон таваг” аян 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.