ДУНДГОВЬ: Уран хатгамалч Б.Цэрмаагийн "Адуучин" бүтээл музейн үнэтэй үзмэрүүдийн нэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейд 60х86 см хэмжээтэй нэгэн гайхалтай уран хатгамал хадалагдаж буй. Энэ бол Урлагийн гавъяат зүтгэлтэн, уран хатгамалч, Батын Цэрмаагийн бүтээл.
1984 онд Улаанбаатар
хотноо зохион байгуулсан “Дундговь аймгийн урлаг соёлын 10 хоног”-т уран бүтээлүүдээрээ оролцсон УГЗ Б.Цэрмаа “Адуучин” хатгамлаа аймгийн музейд
бэлэглэж байжээ.
Батын Цэрмаа Дундговь
аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Орон нутагтаа, ээжийгээ дагалдан даалин,
аяганы уут, тамхины сав дээр зүү ороож монгол үндэсний хээ угалз хатгах, оймсны
хараа шаглах, ширдэг ширэх зэрэг үйлд суралцсан гэдэг.
1945 онд Улаанбаатар
хотод суурьшиж, гэрээрээ уран хатгамал хийж, “Маршал Чойбалсан” хөрөг, “Маркс,
Энгельс, Ленин, Сталины дүрийг оёж, эдгээр бүтээлээрээ улсын уралдаанд түрүүлж
байсан.
Тэрээр 1952
оноос Үйлдвэрлэл хоршооллын харьяа Урчуудын артельд ажилд орж, нормт ажлаа
хийхийн хажуугаар тэндхийн уран бүтээлчдийн нөлөөгөөр жил бүр дотоод, гадаадад
нээсэн үзэсгэлэнгүүдэд бүтээлээрээ амжилттай оролцож байжээ.
Б.Цэрмаа “Миний эх орон”, “Ленин
Разливт”, “Монгол, Зөвлөлтийн дайчин нөхөд”, “Домогт гурван жанжин”, “Төлчин”, “Бэлчээр”,
“Хөдөлмөрчин эмэгтэйчүүд”, “Янгир ямаа хаданд” гэх мэт олон хатгамал урласнаас
гадна хөөргийн дайлан, тамхины уут, тоорцог малгай зэрэг үндэсний гоёмсог хээ
угалзыг өнгө уусган мэтгэсэн бэлэг дурсгалын олон бүтээл урласан байна.
1949 онд И.В.Сталины 70 насны ойн үзэсгэлэнгээс тусгай шагнал, 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд 2 дугаар байр эзэлж байжээ. Тэрээр уран хатгамалч нараас Монгол Улсын урлагийн гавъяат цол хүртсэн анхны эмэгтэй юм.