Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ханжөү хотод байрладаг, дэлхийд нэр хүндтэй “Алибаба групп” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал, хатагтай Вэнь Жя Тан түүнийг угтан авч, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, төмөр зам, усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хамтарч эхлүүлж байгаагаа дурдаад, Шанхай, Ханжөү хотод зориуд зочилж, технологийн шилдэг компаниудын үйл ажиллагаатай танилцаж, шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хурдтай хөгжлийн гурван шилжилтийг хийхэд тус компани манай улстай төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний нөөц чадавхжуулах, боомтуудын дижитал шилжилт, уул уурхайн ухаалаг тээврийн систем зэрэг хэд хэдэн чиглэлээр тус компанитай хамтран ажиллахаар болсныг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хэллээ.
Мөн “Алибаба групп” компанийн Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн захирал
Вэнь Жя Тан Монгол Улстай цахим худалдааны платформ хөгжүүлэлт, ухаалаг хотын
бүтээн байгуулалт, тус компанийн “Flipig” платформыг түшиглэж хоёр улсын аялал
жуулчлалыг шинэ шатанд хөгжүүлэх зэрэг олон талаар Монгол Улсын төр, хувийн
хэвшилтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.