ТӨВ: Зохиолч, уншигчдын уулзалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийтийн номын санд “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг арваннэгдүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтын зочноор Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, “Миний нутаг-2024” яруу найргийн наадмын тэргүүн шагналт, яруу найрагч Э.Гантулга уригдан оролцож, шүлэг найрагт дуртай, номд хайртай, номыг дээдэлдэг "Номын андууд" клубийн сурагч, залуустай халуун дотно яриа өрнүүлэн, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Яруу найрагч Э.Гантулгаас сэтгэгдлийг тодруулахад, "Өнөөдрийн энэ гайхамшигтай өдөр яруу найргийн онгодыг хөглөсөн, амьд бурхад багш нарыгаа дурсан санахад үнэхээр бахархалтай бахдалтай байна. Хүүхэд багачууд бол ертөнц дахины гэрэл гэгээ гэдгийг мэдрэх ийм сайхан уулзалтад урьж оролцуулсанд маш их баяртай байна. Цаг хугацаа их өнгөрснийг ч анзаарч амжихааргүй үнэхээрийн сэтгэл догдлуулсан өдөр байлаа” гэв.
ХЦС-ийн 10Б ангийн сурагч З.Солонго, “Маш таатай байна. Би өөрөө багахан зохиол, шүлэг бичих дуртай учраас үнэхээр сонирхолтой, үр дүнтэй нэгэн өдрийг өнгөрүүллээ. Цаанаасаа маш дулаахан мэдрэмжийг авч чадсан тул цаг гаргаж ирж сонссон минь зөв байж гэж бодлоо” гэсэн юм.