БАЯНХОНГОР: Баацагаан сумын нутагт 5.2 магнитудын газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-11-10 10:22:37
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт 2024.11.10-ны 04:37:50 цагт 5.2 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ.

Газар хөдлөлт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс хойд зүгт 38 км, Баацагаан сумын төвөөс баруун урд зүгт 49 км, Баян-Өндөр сумын төвөөс хойд зүгт 64 км-т болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Энэхүү газар хөдлөлт тус суманд он гарсаар бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол боллоо. Баацагаан сумын нутагт 2024.05.15-ны өдрийн 11.13.38 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдээд байсан юм.

Баацагаан сум нийслэл Улаанбаатар хотоос 765 км алс, Баянхонгор хотоос 127 км зайтай. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баацагаан сум нь газар хөдлөлтийн 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байна.

Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг бөгөөд магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.

Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг бөгөөд энэ бүсэд 1957.12.04-ний өдөр 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Холбоотой мэдээ