Ш.Ишиба Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр үлдэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-11 09:55:05

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /NHK/. Японд өнгөрсөн сард болсон парламентын доод танхимын сонгуулийн дараа даваа гарагт хуралдах парламентын ээлжит бус чуулганы үеэр Ерөнхий сайд Шигэрү Ишиба улиран сонгогдох төлөвтэй байна. Дараагийн ерөнхий сайдыг томилохтой холбоотой шийдвэрийг парламентын хоёр танхимын гишүүд гаргах юм.


Эрх баригч Либералрдчилсан нам /ЛАН/ болон эвсэл дэх түүний хамтрагч Комэйто нам бүх нийтийн сонгуулиар доод танхимд олонх болж чадаагүй билээ. Үүнтэй холбоотойгоор ЛАН-ын дарга Ш.Ишиба болон Японы Үндсэн хуулийн ардчилсан намын дарга Ёшихико Нода нарын хооронд хоёр дахь шатны санал хураалт явагдах төлөвтэй байна. Энэ нь доод танхимд сүүлийн 30 жилд явуулж буй хоёр дахь шатны анхны санал хураалт болно.


Гэхдээ сөрөг хүчний намууд нэг нэр дэвшигчийн ард нэгдэж чадаагүй тул Ш.Ишиба ялах магадлалтай байна. Тэрбээр улиран сонгогдсон даруйдаа шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах төлөвтэй байгаа бөгөөд Хууль зүйн сайдаар Кейсүкэ Сүзүки, Хөдөө аж ахуйн сайдаар Такү Это нарыг томилохоор төлөвлөж байна. Өнгөрсөн сард болсон сонгуулиар эдгээр албыг хашиж байсан сайд нар суудлаа алджээ. Түүнчлэн Засгийн газрын бусад сайд нарыг дахин томилох төлөвтэй байна.


Японы эзэн хаан Нарүхито Ш.Ишиба болон түүний сонгосон Засгийн газрын гишүүдийг өнөө орой Эзэн хааны ордонд болох ёслолын үеэр батална. Ёслолын дараа Ш.Ишиба шинэ Засгийн газрын үйл ажиллагааг эхлүүлж, хэвлэлийн бага хурал хийж, цаашид хэрэгжүүлэх бодлогуудаа танилцуулах төлөвтэй байна.


Үүнээс гадна, Ш.Ишиба Японы Инновацын намын дарга Нобүюки Бабатай ням гарагт уулзжээ. Тэрбээр даваа гарагт Үндсэн хуулийн ардчилсан намын дарга Ё.Нода, Иргэний ардчилсан намын дарга Юичиро Тамаки нартай тус тусдаа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Ерөнхий сайд улс төрийн шинэчлэл хийх зэрэг янз бүрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг тэднээс хүсэх бодолтой байгаа ажээ. 

Холбоотой мэдээ