ОРХОН: Хотын стандарт боловсруулах ажлын баг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-11-11 16:15:13
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэт хотод тулгамдаж байгаа зарим асуудалд Засаг дарга Б.Зоригтбаяр хэлтэс, албадын дарга нарт үүрэг өглөө.


Тухайлбал, авто зам, явган хүний зам засварын ажлаас үлдсэн замын хажуугийн овоолсон сул шороог цэвэрлэх, мөн хайс хашлагыг гагнаж аюулгүй байдлыг хангах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг  Хот тохижуулах газар, Баян-Өндөр сум, Нийтлэг үйлчилгээний албанд үүрэг болгов.


Мөн Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-тай 2024 онд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тул гэрээг удахгүй дүгнэж ирэх жилийн төлөвлөгөөг хэлэлцэхдээ хувийн аж ахуйн нэгжийг дэмжсэн, хамтран ажиллахад чиглэсэн байхыг анхааруулав.


Түүнчлэн, иргэдээс ирүүлсэн санал, гомдолд төрийн байгууллагууд шуурхай хариу өгдөг байх, гэр хорооллын эрчим хүчний уналт, дулаан, нийтийн тээвэр болон орон сууцны  байрны нэг давхрын өргөтгөлтэй холбоотой санал хүсэлт аймгийн ЗДТГ-т олон ирж байгааг анхаарах хэрэгтэй гэлээ.


Аж ахуйн нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайг хашсан бол буулгаж,  байгууллагын хамрах хүрээг нь тодорхой болгохыг ГХБХБГ-т үүрэг болгов. Үүнтэй уялдуулан Эрдэнэт хотын стандарт –ыг  боловсруулах ажлын баг байгуулахаар боллоо.

 

Холбоотой мэдээ