ТӨВ: Шаардлагатай төсөлд 3 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-11 17:08:23

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хүүхдийн XX чуулганыг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд 11 дүгээр сарын 8-нд зохион байгуулж, 27 сумын 31 сургуулийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 97 хүүхэд, өсвөр үеийнхэн оролцлоо.


Энэ удаагийн чуулганыг “Өөрсдөө санаачилж - Хамтдаа хийцгээе” “Тэгш оролцоо-Хязгааргүй боломж” уриан дор зохион байгуулсан бөгөөд багууд суманд суралцахад тулгамддаг асуудлуудаа хөндөж, түүгээрээ төсөл бичин, танилцуулсан юм.


Тухайлбал, сурагчдын дотуур байрны тухтай орчны дутмаг байдал, анги танхимын тохижилт, хог хаягдал, хоол хүнсний буруу хэрэглээ, шим тэжээлийн дутагдал, тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл дутмаг байдал, алслагдсан сумдын хүүхдүүдийн хөгжлийн хоцрогдол зэрэг асуудлыг хөндсөн юм.


Эдгээр төслүүдтэй зохион байгуулагчид дэлгэрэнгүй танилцаж, шаардлагатай төслүүдэд 3 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт өгөхөө илэрхийлэв.


Мөн зөв монгол хүнийг төлөвшүүлэх, ирээдүйд улс эх орноо авч явах хүүхэд, залуучуудынхаа төлөө үргэлж “Тэгш оролцоо-хязгааргүй боломж”-ийг эрэлхийлэн ажиллах болно гэдгээ зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.


Батсүмбэр ЕБС-ийн сурагч Нямжаргалаас сэтгэгдлийг тодруулахад, “Анх удаа хүүхдийн чуулганд оролцож байна. Маш их зүйлийг суралцаж, өөртөө итгэлтэй болох аргыг олж авч, өөрийгөө нээж чадсан өдөр боллоо. Манай багийнхан хоол хүнсний буруу хэрэглээний талаар төсөл бичиж оролцсон. Өөр өөр сумын хүүхдүүдийн асуудлуудыг нэгтгэх жаахан хүнд санагдаж, туршлага дутмаг байсан тул бүрэн гүйцэд сайн илэрхийлж чадсангүй гэж харлаа. Цаашид илүү их зүйлсийг суралцаад дараа жил төслөө илүү зөв байдлаар ойлгуулж чадах байх гэж итгэж байна” гэлээ.


Зуунмод сумын ЕБС-ийн сурагч Одондалай, “Хоёр дахь удаагаа хүүхдийн чуулганд оролцож байна. Чуулганд оролцсоноороо өөрийгөө нээж, олон найз нөхөдтэй болж чадаж байгаадаа баяртай байна. Мөн төсөл бичихэд ямар мэдлэг шаардлагатай байдаг талаар ойлголттой болж, түүнийгээ бататган, бусдын өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэв. 



Холбоотой мэдээ