СҮХБААТАР: Станцын засвар удааширсны улмаас халаалт жигдрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-11 16:27:12

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 15-наас хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах ёстой. Гэтэл үүнээс хойш хоёр сар өнгөрч, өвлийн эхэн сар дундаа орж байхад Баруун-Урт сумын нийт хэрэглэгчдийн 70 орчим хувь нь халуун ус, дулаангүй гэртээ, ажлын байрандаа зутарч байна.


Дөрвөлж компани Баруун-Урт сумын 3600 орчим хэрэглэгчийг дөрвөн эх үүсвэрээс ус, дулаанаар хангадаг. Нийт хэрэглэгчийн 70 орчим хувь буюу 2600 хэрэглэгчийг хангадаг дулааны станцын хоёрдугаар зууханд их засвар хийх ажил гурван сар үргэлжилсэнтэй холбоотойгоор ийнхүү хэрэглэгчид халаалтаа авч чадахгүй өнөөг хүрчээ. Хэдийгээр нэгдүгээр зуух ажиллаж байгаа ч ачааллаа дийлэхгүй, үйл ажиллагаанд нь доголдол үүсэж, найман удаагийн зогсолт хийсэн байна. 




Тендерийн шалгаруулалт оройтсонтой холбоотойгоор засварын ажил орой эхэлж, гурван сар орчим үргэлжилсэн. Өнөөдрийн байдлаар засвар бүрэн дуусч, зутгалтыг хатаах үйл явц 2-3 хоног үргэлжилнэ. Ингээд 11 дүгээр сарын 15-наас халаалт хэвийн болж, хэрэглэгчдээ ус дулаанаар хангана гэж төлөвлөж байгаа. Цаашид гарах эрсдэлд бэлэн байх үүднээс засаж сэлбэх тоног төхөөрөмжүүдийг нөөцөлсөн. Хоёр зууханд засвар хийсэн учир цаашид эрсдэл гарахгүй гэж үзэж байна гэж Дөрвөлж компанийн дулааны инженер Ч.Болдбаатар ярилаа.


Халаалт доголдсонтой холбоотойгоор хэрэглэгчдийн 10, 11 дүгээр сарын төлбөрийг хөнгөлөхөөр болжээ.


Дээрхээс бусад хэрэглэгчид нэмэлт гурван уурын зуухнаас дулаанаа хэвийн авч байна. 

Холбоотой мэдээ