НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал Баку хотноо эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал “Ногоон дэлхий ертөнцийн төлөөх эв нэгдэл” уриан дор Азербайжан Улсын Баку хотноо өнөөдөр эхэллээ.
Азербайжан Улс СOP29 бага хурлыг даргалахдаа “Хүсэл зорилго, эрмэлзлийг нэмэгдүүлэх”, “Үйл ажиллагааг идэвхжүүлэх” гэсэн хоёр чиглэлийг тулгуур зарчим гэж үзэн, 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж байна. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах, тэсвэртэй байдлыг бий болгох, тогтвортой, сайн туршлагыг дэмжих, нүүрстөрөгч багатай эдийн засагт шилжихэд чиглэсэн бодлого, санаачилгыг хэрэгжүүлэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах юм.
СОР29 бага хурал дэлхийн нийтийн уур амьсгалын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой, уян хатан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааг дэмжих индэр байх болно гэж даргалагч Улс үзэж байна.
СОР28 бага хурлаар 2025 он гэхэд Үндэсний дасан зохицох төлөвлөгөө боловсруулах, 2030 он гэхэд хэрэгжилтдээ ахиц дэвшил гаргахыг улс орнуудыг уриалсан бол СОР29 бага хурлаар дасан зохицох чиглэлийн ахиц дэвшлийг тооцох техникийн ажлыг хэлэлцэж, үндэсний дасан зохицох төлөвлөгөөг хэрхэн бэлтгэх, хэрэгжүүлэх талаарх удирдамжаар хангахад анхаарч, дүгнэлтийг ирэх жил гаргах аж.
СОР29 бага хурал нь уур амьсгал, байгаль, газар нутаг, хотуудын хоорондын уялдааг хангахад анхаарна. Бага хурлын өмнө болох Дэлхийн хотуудын 12 дахь чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэх орон нутгийн манлайлал, алдагдал, хохирлыг шийдвэрлэхэд хувь нэмэр болох дэмжлэгийн талаар хэлэлцэх юм.
Бага хурлын үйл ажиллагааны хүрээнд санхүү, худалдаа, хөрөнгө
оруулалт, эрчим хүч /энх тайван эргэн сэргэлт, шинжлэх ухаан технологи,
инноваци, хүний хөгжил/ хүүхэд залуучууд, эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж
ахуй, ус, хотжилт, тээвэр, аялал жуулчлал, биологийн олон янз байдал, уугуу
иргэд, жендэрийн тэгш байдал зэрэг асуудлаар сэдэвт арга хэмжээ болно.
Парисын хэлэлцээрийн талуудын уулзалт /CMA/, конвенцын
биелэлтийг хангах дэд хороо /SBI/-ны хуралдаан, Шинжлэх ухаан, техникийн
зөвлөгөөний дэд хороо /SBSTA/-ны хуралдаан болно.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагааг дэмжих
зорилготой “Бизнес ба филантропи форум”-ыг зохион байгуулна.
Азербайжан Улс СОР29 бага хурлын үеэр АНУ, БНХАУ-тай хамтран метан болон нүүрсхүчлийн бус хүлэмжийн хийн асуудлаар уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.