Оростой байгуулсан түншлэлийн гэрээг Умард Солонгосын тал соёрхон баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-12 09:31:33

СӨҮЛ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /DW/. Умард Солонгосын тал ОХУ-тай байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ. Холбогдох баримт бичигт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 11 дүгээр сарын 11-ний даваа гарагт гарын үсэг зурсан гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээллээ.


Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс уг гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү баримт бичгийг ОХУ хоёр хоногийн өмнө соёрхон баталсан юм.


Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг талууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчлах үеэр зургаадугаар сарын 19-нд байгуулжээ. Гэрээнд, талуудын аль нэг нь “зэвсэгт халдлагад өртөж, улмаар дайны байдалд орсон тохиолдолд харилцан цэргийн болон бусад тусламжийг үзүүлнэ” гэж заажээ.


Умард Солонгосын цэргүүдийг Украины дайнд оролцуулахаар Орост байрлуулсан тухай Өмнөд Солонгос, АНУ, Украины тагнуулын албаныхан сүүлийн долоо хоногуудад удаа дараа мэдээлсэн билээ. Умард Солонгосын талын энэ үйлдэлд НҮБ түгшиж буйгаа илэрхийлж, НАТО болон Европын Холбоо шүүмжилсэн юм. 


Өмнөд Солонгос, АНУ, Украины мэдээлснээр, Умард Солонгосын цэргүүдийг Украинтай хил залгаа орших Курск мужид сөрөх давшилтад оролцуулахаар байрлуулжээ. Эдгээр цэргүүд энэ мужид хохирол амсаж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ