ДОРНОГОВЬ: Хашаандаа 18 төрлийн 2600 гаруй мод ургуулж говийн баянбүрдийг бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Тангаагийн Ганбаатар хашаандаа 18 төрлийн 2600 гаруй мод ургуулжээ.
Тэрээр 1995 оноос хойш одоог хүртэл өөрийн хашаандаа говь нутагт мод тарьж ургуулж болдгийн жишээг бусдад үлгэрлэж байна. Юун түрүүнд мод тарихдаа говьд ургах чадвартай эсэхийг урьдчилан судалж ургуулах нь хамгийн зөв арга зам байдаг аж.
Тэднийх хайлаас, улиас зэрэг олон төрлийн мод ургуулан тордож, хувийн өмчийн бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулж Сайншанд сумын хэмжээнд хамгийн их мод тарьсан, ногоон байгууламж буй болгосон иргэнд тооцогдож байна. Мод тарихаас гадна хашаандаа жижиг усан бассейн болон амарч тухлах гэр, сандал, сүүдрэвч зэргийг байгуулж дулааны улирлын үеэр иргэдэд тодорхой үнээр үйлчилдэг аж.
Ганбаатар зүгээр сууж чаддаггүй байнга хөдөлмөрлөж байдаг төдийгүй мод тарьж ургуулах сонирхолтой хүнд зөвлөгөө тусламжийг ч хангалттай өгдөг байна.