СЭЛЭНГЭ: Эрүүл мэндийн боловсрол олгох онол, дадлага хосолсон сургалт хийж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-11-14 10:50:15

Сүхбаатар, 2024 оны аравнэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хандлага, эх, хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал зэрэг нь өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болсон хэвээр байна.

 

Үүнийг засаж сайжруулахад эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үүрэг оролцоо нэн чухал хэмээн Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од хэллээ.

 

Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас “Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үе” гэсэн гурван агуулгын хүрээнд эрүүл мэндийн боловсрол олгох онол, дадлага хосолсон сургалтыг хоёр ээлжээр зохион байгуулж байна.

 

Дээрх үйл ажиллагааг Сүхбаатар сумын 8 багийн нийгмийн ажилтнууд, жирэмсэн ээжүүд, аймгийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар сумын “Номтхан”, “Эмнэх баг” ӨЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран явуулж байна.

 

Сургалтын гол анхаарах сэдвүүдийн нэг нь жирэмсний хяналт мөн нярай хүүхдийн асаргаа сувилгаа байлаа.

 

Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жирэмсний хяналттай холбоотой мэдээллийг тодруулахад, улсын хэмжээнд оны эхний 9 сарын байдлаар 43514 эх жирэмсний хяналтад хамрагдсан бол эрт үеийн хяналт буюу эхний 3 сартайд 92.9 хувь нь хамрагджээ.

 

Сэлэнгэ аймгийн хувьд энэ хугацаанд 1220 эх жирэмсний хяналтад орж, үүнээс эхний 3 сартайд 89.2 хувь хамрагдсан нь улсын дунджаас 3.7 хувь, аймгуудын дунджаас 4.2 хувиар бага гэсэн статистик үзүүлэлт гарчээ.