ХӨВСГӨЛ: Соёлын үл хөдлөх 40 дурсгалыг кадастрт оруулж баталгаажуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн онцлог бүхий дахин давтагдашгүй соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх, соёлын үл хөдлөх дурсгалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор “Иргэдийн оролцоонд тулгуурласан өв хамгаалал” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, "Хувилгаан газар" ХХК-тай хамтран 19.5 сая төгрөгөөр тус аймгийн нутагт байгаа улс, аймгийн хамгаалалтад орших 40 үл хөдлөх дурсгалыг кадастрт оруулах ажлыг гүйцэтгэж баталгаажуулсан байна.
Мөн соёлын өвийг хамгаалуулахаар 80 гаруй малчинтай гурвалсан гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Хөвсгөл аймагт улсын хамгаалалтад орших 8 дурсгалаас Арбулаг сумын Эрчүү
хотын туурь, Галт сумын Бартад бригадын буган чулуун цогцолбор, Төмөрбулаг
сумыг Зуны голын буган чулуун хөшөөн цогцолбор, Цагаан-Уул сумын Бор хужрын
буган хөшөөн цогцолбор, Хөшөөтийн дэнжийн цогцолборын буган хөшөөг
хамгаалуулахаар тухайн дурсгалуудын ойролцоо нутагладаг малчидтай гэрээ
байгуулсан байна.