ХӨВСГӨЛ: "Хайрын мод” төгөлд 500 гаруй мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Нэг хүүхэд-нэг мод" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эхийн зөвлөлтэй хамтран сургуулийн талбайд “Хайрын мод” төгөл байгуулжээ.
Тус төгөлд сургуулийн багш, ажилчид, сурагчид гэр бүлийн хамтаар өнгөрсөн хавар улиас, голт бор, шар хуайсын 300 суулгац тарьжээ.
Энэ намар нэгдүгээр ангид элсэн орсон сурагчид 210 мод, бут тарьсан байна.
“Цаашид жил бүр сургуульд орж буй
хүүхдүүд болон төгсөх ангийн сурагчид “Хайрын
мод” төгөлдөө мод тарьж эх орон, байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, орчны
ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран оролцож, ногоон орчин бүрдүүлэхийг
зорьж байна” англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Хатгал ерөнхий боловсролын
сургуулийн захирал О.Оюунтунгалаг ярилаа.