БУЛГАН: Өнөөдөр дэлхийн хүүхдийн өдөр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол улс 1 260 700 хүүхэдтэй энэ нь нийт хүн амын 37.1 хувийг эзэлж байгаа бол Булган аймагт 18 хүртэлх насны 15400 гаруй хүүхэд байна.
Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан Булганы Соёлын ордны эрхлэгч Ц.Энхтуяа, “Булган аймгийн албан байгууллага бүхэн хүүхдээ дээдэлж, тэдний эрхийг хамгаалж, айл болгон хүүхдийн баяр хөөр, аз жаргал, инээмсэглэлээр бялхаж байхыг уриалж хамт олноороо “Хүүхэд бүхэн инээмсэглэж аз жаргалаар дүүрэн байг” уриатай нөлөөллийн ажил хийлээ.
Булган аймагт 2023-2024 оны хичээлийн жилд бага сургууль 2, дунд сургууль 5, ахлах сургууль 15 нийт 22 сургуулийн 456 бүлэгт 11370 хүүхэд өдрөөр суралцаж байгаагаас малчны хүүхэд 5024 байна. Мөн албан бус боловсролд дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхээр 153 суралцагчийг хамруулаад байна. Сургуулийн өмнөх боловсролын нийт 22 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас аймгийн төвд 6, суманд 15, багт 1 байгаа 151 бүлэгт 3883 хүүхэд хамрагдаж байна.
1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар Хүүхдийн эрхийн конвенцыг дэлхийн улс орнууд баталсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу 2017 оноос эхлэн энэ өдрийг Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байна. Монгол Улс хүүхдийг эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох үндсэн 4 эрх, хүүхдийн тэргүүн дээд эрх ашгийг бүхий л асуудалд чухлаар авч үздэг байх Хүүхдийн эрхийн конвенцыг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээсэн эхний арваад орны 1 болж, 1990 онд нэгдсэн.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас хүүхдийн эрхийг хангах чиглэлд анхаарч ажилласнаар ахиц, дэвшлүүд гарч байна. 2023 онд Боловсролын багц хууль, 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталж, хүүхдийн сурч боловсрох, хамгаалуулах үндсэн эрхийг хангах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгоод байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилго нь "Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангахад оршино".