ӨМНӨГОВЬ: Эрдэмтдийн санал санаачилгыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-19 09:07:47

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн санаачилгаар зохион байгуулдаг “Өмнөговь аймгийн эрдэмтдийн уулзалт”-ыг 11 дүгээр сарын 15-ны өдөр төрийн ордонд зохион байгуулжээ.

 

Уулзалт, зөвлөгөөнд салбар бүрийн эрдэмтэн судлаач, доктор, профессорууд гээд нийт 30 орчим хүн оролцсон байна.

  

Тус үйл ажиллагааны зорилго нь эрдэмтдийн санал санаачилга, судалгааны ажлуудыг төрийн бодлого, орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, судалгаанд суурилсан бодлого гаргах юм.

 

Өмнөх жилийн эрдэмтдийн уулзалтаар “Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулж, орон нутагтайгаа харилцан эргэх холбоотойгоор ажиллаж олон ажлыг зохион байгуулжээ.

 

Эрдэмтдийн судалгааны ажлуудыг олноор хийсэн ч бодит ажил болж үйлдвэрлэл дээр хэрэгжиж чадахгүй шинжлэх ухааны мэдээллийн санд хадгалагдаад үлддэг байсан бол зөвлөл байгуулснаар бидний судалгаа үйлдвэрлэлд нэвтэрч ажил хэрэг болоход том дэмжлэг болж байгааг эрдэмтэд онцоллоо.

 

Мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг:

-Би Өмнөговь аймгийн Сэврэй сумын хүн. Мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Монгол тэмээний физиологи, биохимийн судалгаа, өвчин эмгэгийн үед гарах өөрчлөлт сэдвээр хамгаалсан. Энэ эрдэмтдийн уулзалт маш чухал үйл ажиллагаа болж байгааг хэлмээр байна. Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд тэмээний тоо толгой өсөж ингэний сүүний хэрэгцээ нэмэгдээд байгаа. Ганц говийнхон гэлтгүй бусад аймгийнхан өргөн хэрэглэж байна. Тиймээс энэхүү өссөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангах, мөн тэмээний ноос гэдэг их үнэ цэнтэй зүйл. Ялангуяа торомны ноос бол яг ямааны ноолуур шиг их нарийн ширхэгтэй байдаг. Энэ ноосоор тансаг зэрэглэлийн хувцас хийх зах зээл маш их өргөжсөн. Гэтэл энэ ноосыг авъя гэтэл зөв технологиор бэлтгэн нийлүүлэх газар байхгүй. Тэгэхээр энэ зах зээлийг нэмэгдүүлэхээр аймаг орон нутагтайгаа хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. 

Холбоотой мэдээ