Зүүн Өмнөд Азийн эдийн засаг бүхэлдээ өндөр өсөлттэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-20 10:24:40

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /NHK/. Зүүн Өмнөд Азийн бүх том улсын эдийн засаг долоодугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд өндөр өсөлттэй байлаа. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп худалдааны ямар бодлого явуулах вэ гэдгээс шалтгаалан болгоомжлол үүсчээ.


Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Таиланд улсын ДНБ III улиралд 3 хувиар өссөн байна. Аялал жуулчлалын сэргэсэн нь зочид буудал, нийтийн хоолны салбарын өсөлтөд нөлөөлжээ. Мөн компьютер, цахим техникийн эд ангиудын экспортын хэмжээ урьдын адил өндөр түвшинд хэвээр байна.


Түүнчлэн АНУ-д нийлүүлж буй хагас дамжуулагч болон бусад бүтээгдэхүүний экспорт тогтвортой байгаа учраас Малайзын эдийн засаг 5,3 хувиар өсжээ.  Мөн Вьетнамын эдийн засаг 7,4 хувиар, Филипинийх 5,2 хувиар, бүс нутагтаа хамгийн томд тооцогддог Индонезийн эдийн засаг 4,9 хувиар, Сингапурынх 4,1 хувиар тус тус өссөн байна.


Гэвч Трампын шинэ засаг захиргаа Зүүн Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн нягт хэлхээ холбоо бүхий Хятад улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж магадгүй нь тодорхойгүй байдлыг үүсгэж байгаа юм. 

Холбоотой мэдээ