COP29: Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БАКУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /DW/. Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцогч 50 гаруй улс уур амьсгалд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх үүрэг хүлээжээ.
Лхагва гарагт баталсан энэхүү шийдвэрийг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гүйцэтгэх захирал Зорица Уросевич “түүхэн чухал үйл явдал” хэмээн тодорхойлоод, уур амьсгалд ээлтэй аялал жуулчлал нь анх удаа уур амьсгалыг хамгаалах НҮБ-ын зорилтуудын нэг боллоо гэж онцолсон байна. Түүний хэлснээр, аялал жуулчлалын салбар нь дэлхийн ДНБ-ий 3 хувийг бүрдүүлдэг ба үүний зэрэгцээ дэлхийн хүлэмжийн хийн 9 хувийг үйлдвэрлэдэг.
Баку хотноо холбогдох гэрээнд гарын үсэг зурсан улс орнууд уур амьсгалыг хамгаалах ажлыг аялал жуулчлалын салбарын илүү чухал зорилт болгохыг хүсэж байгааг онцолсон байна. Ингэхдээ тодорхой зорилтуудад хүрэхээр төлөвлөж байгаа ажээ.
Зочид буудлын бизнесийн “World Sustainable Hospitality Alliance” холбоо үйл ажиллагааных нь хүрээнд ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээ, мөн ус, эрчим хүчний хэрэглээ зэрэг мэдээллийг бүртгэж, тайлагнана гэдгээ мэдэгджээ. Тус холбооны тэргүүн Гленн Мазиук хэлэхдээ, эдгээр мэдээлэл аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд, аялагчдад тэдний үйл ажиллагаанаас учирч буй хор уршгийг ойлгоход тус дөхөм болно гэлээ.
“World Sustainable Hospitality Alliance” нь нийтдээ 7 сая өрөө бүхий 55 мянган зочид буудлын эрх ашгийг төлөөлдөг байгууллага юм. “Accor”, “Hilton”, “Marriott” зэрэг зочид буудлын сүлжээнүүд бол тус байгууллагын гишүүн ажээ.