ОРХОН: Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх 31 дэх удаагийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-11-21 15:54:57
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Үндэсний бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг барилдаануудын нэг нь Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “Монгол  Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан” юм.  


Ковид цар тахлын улмаас 2020 оноос хойш завсарлаад байсан тус барилдааныг энэ жил Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг угтан зохион байгууллаа. 


Уг  барилдаанд улсын арслан Р.Пүрэвдавга, улсын заан Б.Батмөнх, С.Сүхбат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин О.Амарсайхан тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглов. 


Үзүүр, түрүүнд  улсын заан М.Лхагвагэрэл, Б.Батмөнх нар тунан үлдэж Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Төв аймгийн харьяат улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ. 


Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 1997 оноос эхтэй. Тухайн үед үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, бөх сонирхогч, наадамчин олноо уран мэхээрээ баясгаж байсан залуу зургаан заанд хүндэтгэл илэрхийлэн, улмаар тэднээр дамжуулан Орхон аймгийн хүүхэд, залуучуудыг үндэсний бөхийн спортоор хичээллэх сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол Улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх барилдаан”-ыг анх зохион байгуулсан түүхтэй юм.


Үүнээс хойш зохион байгуулсан 31 дэх удаагийн барилдааны  13-ыг нь Орхон аймаг орон нутагтаа зохион байгуулж байна. 

1921 оноос хойш өнөөдрийг хүртэл улсын заан цолтой 153 бөх төрөн гарсны 32 нь өдгөө амьд сэрүүн аж төрж байна. Энэ жилийн улсын заан цолтнуудад хүндэтгэл илэрхийлэх барилдааны хойморт Монгол Улсын заан Д.Долгорсүрэн, Д.Цэнд-Аюуш, З.Дүвчин, Д.Хишигдорж тэргүүтэй ахмад заан цолтнууд морилжээ. Тэдгээрт аймаг орон нутгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийллээ. 

1997 оны анхны барилдаанд Монгол Улсын заан Д.Цэнд-Аюуш түрүүлж, даян аварга Г.Өсөхбаяр заан цолтой байхдаа үзүүрлэж байсан түүхтэй юм. 




Холбоотой мэдээ