ДАРХАН-УУЛ: Аймгийн хэмжээнд 1800 гаруй хүүхэд 16 нас хүрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгүдгээр сарын 25
/МОНЦАМЭ/. Аймгийн
ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Залуучуудын хөгжлийн төв
хамтран Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг өнөөдөр зохион байгууллаа. Аймгийн хэмжээнд энэ жил 1800 гаруй
хүүхэд 16 нас хүрч байна.
Өнөөдөр 16 нас хүрсэн 530 хүүхэд Залуучууд театрын их танхимд иргэний андгай өргөж, тэдний төлөөлөл 30 хүүхэд орон нутгийн удирдлагуудаас иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.
Иргэний үнэмлэхээ гардан авч буй хүүхдүүдэд Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Хүрэлчулуун баяр хүргэн, түүхт өдрийн мэндийг дэвшүүлж "Монгол Улс тусгаар, тогтносон улс гэдгээ дэлхий дахинд тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 100 жил болж байна. Та бүхэн өнөөдрөөс хуулийн дагуу эрхээ эдэлж, үүргээ ухамсарладаг насанд хүрсэн иргэн болж байна. Ирээдүйд хүссэн мэргэжлээ эзэмшиж эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье” гэв.
16 настнуудыг төлөөлөн Оюуны-Ирээдүй сургуулийн 11-1-р ангийн сурагч Ж.Төрболд, 11-11 ангийн сурагч Э.Эрхсаран нар нар үг хэллээ. Тэд “Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах эрдэм мэдлэгтэй иргэн болцгооё” хэмээн үеийнхэндээ уриалж, Монгол Улсын иргэн гэж дуудуулах эрх чөлөө, тусгаар тогтнолыг олгосон өвөг дээдэстээ талархаж байгаагаа илэрхийллээ.
Ташрамд, Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан өсвөр үе, залуучуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой жил бүр тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.