Улсын заан С.Сүхбат анхны түрүүгээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “Түүхт 100 жил”-ийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан С.Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
С.Сүхбатын хувьд заан цол авснаасаа хойш бөхийн өргөөнд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Тэгвэл харцага Б.Зоригтбаатар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмаар нуруундаа бэртэл авснаас хойш бөхийн өргөөнд анхны барилдаандаа оролцож, үзүүрлэв. Тэрбээр үүнээс өмнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болсон барилдааны их шөвөгт шалгарсан юм.
Харин шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар шалгарсан бол наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, харцага Х.Гантулга, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “Төрийн сүлд” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон арван сая төгрөг гарджээ. Харин УИХ-ын даргын уламжлал болгон олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид өгсөн юм.