ДАРХАН-УУЛ: Үндэсний бичгийн цахим контентын уралдаанд 20 байгууллага оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 27
/МОНЦАМЭ/. “Үндэсний
бичиг -Манай хамт олны өв соёл” цахим контент бүтээх уралдаан боллоо.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уг уралдаанд 20 байгууллага оролцжээ. Уралдаан
Уг уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан салбар, Мэргэн шаваа мэргэжил арга зүйн багийн хамт олон аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал,залуучуудын газартай хамтран зохион байгуулжээ.
Энэ жилийн хувьд Дархан-Уул аймгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага хамт олноос гадна Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон, Төв аймаг нээлттэй оролцсоноороо онцлог уралдаан боллоо.
Уралдааны төрөл, агуулгын тухайд оролцогч хамт олон үндэсний бичиг үсгээ хэрхэн суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаагаа баримтжуулан, сонирхолтой хэлбэрээр зохиомжилж, видео контент хэлбэрээр бэлтгэн илгээх юм. Ингэхдээ 3-5 минутад утга санаагаа илэрхийлж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан бүтээлээ чөлөөтэй сэтгэх, эхлэл, төгсгөл хэсэгт үндэсний бичгээ сурахад чиглэсэн уриалгыг хамт олноороо сонирхолтой хэлбэрээр илэрхийлснээр нь дүгнэжээ. Мөн контентын агуулга, зохиомж, уриалга, бичлэгийн чанар олон нийтийн хандалтыг зохион байгуулагч, шүүгчдийн баг хамтран дүгнэсэн байна.
Уралдааны дүнгээр тэргүүн байрт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн хамт олон шалгарсан байна. Дэд байрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн хамт олон, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн хамт олон шалгарчээ.
Тусгай байрт Шаамар сумын хоёрдугаар цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургууль, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Политехник коллеж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын хоёрдугаар сургууль, Дархан-Уул аймгийн Төв номын сангийн хамт олон шалгарсан байна.