ЗАВХАН: Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 66 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-29 10:53:37

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, дотоодын хэрэгцээний хувь өсжээ.


Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын үр дүн гарчээ.


Өнгөрсөн жилээс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, дотоодын хэрэгцээний хувь өссөн. Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэлээр хангасан сүүний хэмжээ өмнөх оноос нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жил хүн амын хэрэгцээний 57 хувийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байсан бол энэ жил хүн амын сүүний хэрэгцээний 66 хувийг дотоодоосоо хангаж байна.


Хүн амын хэрэгцээний төмсний 51 хувь, гурил гурилан бүтээгдэхүүний 47.8 хувь, хүнсний ногооны 23.7 хувь, өндөг 4.4 хувь, жимс жимсгэнийн 2.3 хувийг дотоодоосоо хангаж байна гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.  


Завхан аймагт дотоодын үйлдвэрийн талх, нарийн боов дунджаар 2500-3500 төгрөг байгаа бол Улаанбаатар хотоос ирж буй үйлдвэрийн талх, нарийн боовыг дунджаар 3500-7500 төгрөгөөр худалдаж байна.


Аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ Улаанбаатар хот болон баруун бүсэд өндөр байдаг. Тиймээс дээрх гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ялангуяа гурилан бүтээгдэхүүн, мах, сүү, ногооны хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангах зорилготой, нарийн төлөвлөлтийг салбаруудын бодлогод тусгаж хамтран ажиллаж байгаа юм. 


Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт мах, загас, жимс, ногоо, өөх, тос боловсруулалт, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үр тарианы гурил, цардуул, малын тэжээл үйлдвэрлэл, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон ундаа үйлдвэрлэл багтдаг. 


Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 66 хувийг нь гурилан бүтээгдэхүүн эзэлж байна. Аймгийн хэмжээнд нийт 21 үйлдвэр гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг.


Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оноос 1 хувиар нэмэгдсэн байна.


Гурил, гурилан бүтээгдэхүүн нь хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хоногт эзлэх хэмжээг тодорхойлсон судалгааны дүнгээр хоногийн хэрэглээний 63 хувийг үр тариа, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс дээрх үйлдвэрүүдэд эрүүл ахуйн шаардлага стандартыг мөрдүүлэн ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс нэмж дуулгалаа. 

Завхан аймагт дотоодын үйлдвэрийн талх, нарийн боов дунджаар 2500-3500 төгрөг байна

Холбоотой мэдээ