Жендэрийн судалгаанд малчид, хөдөөгийн иргэдийг хамруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-29 17:13:12

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос "Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгаа”-г улсын хэмжээнд хийж байна. Тиймээс энд эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхэд зэрэг бүх насны оролцогч талыг хамруулах шаардлагатай байгааг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн байранд өнөөдөр болсон "Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалтаар хэлэлцэв.



Судалгаанд бүх талын оролцоог хамруулахын тулд юуны өмнө малчдаас эхлээд аймаг, орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх учиртай. Судалгааг гэр бүлийн болон ойрын хүрээллийн хүчирхийллээс гадна иргэдийн амьдрал, ахуй, амьжиргаанд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй зэрэг нөхцөл байдал, амьдралын чанарыг хамруулан хийж буйг зохион байгуулагч нар танилцууллаа.




НҮБ-ын Хүн амын сан, ҮСХ хамтран зохион байгуулсан "Жендэрт суурилсан хүчирхийллийн үндэсний судалгааны эрсдлийн хүчин зүйлсийн шинжилгээ" уулзалтаар НҮБ-ын Хүн амын сангийн судлаач, ҮСХ-ны газар, хэлтсийн дарга нар Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаа, 2017 оны судалгааны эрсдэлт хүчин зүйлсийн шинжилгээний дүн, Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг дэлхий, бүс нутгийн түвшинтэй харьцуулан мэдээлсэн юм.




Уулзалтад оролцогч нар энэ үеэр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд нэгдэж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын төлөө үйлдэл хийхийг нийгэмд уриаллаа. Ялангуяа энд “Тогтвортой хөгжлийн төлөө клуб”-ын сэтгүүлчдээс эхлэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид нэгдэж байгаагаа илэрхийллээ. 


Холбоотой мэдээ