ДОРНОД: Хаягдал өөх тосоо ашиглан саван хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун сумын бүсгүйчүүд ноднин хавраас хаягдал өөх тосоо ашиглан гар нүүрийн саван хийж, ахуй амьдралдаа хэрэглэхээс гадна худалдан борлуулж байна. Тэд энэ хугацаанд 10 мянган ширхэг саван хийжээ. Үүний үр дүнд тус суманд хаягдал өөх тос гарахаа больсон гэж ярьж байлаа.
Баяндун сумын ЕБС-ийн багш Г.Болормаа сумынхаа бүсгүйчүүдэд саван хийх 10 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Түүний хувьд насан туршийн боловсролын багш учраас сумынхаа иргэдэд амьдрах ухааны боловсрол олгохыг зорьдог. Савангаас гадна тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар үнэртүүлэгч, ванны бөмбөлөг, давс, сүү, урлалын цементээр бэлэг дурсгалын зүйлүүд, эпоксигоор шатар, жааз, ваартай цэцэг гэхчлэн олон төрлийн зүйл хийж байна. Жилийн өмнөөс ийнхүү гар урлал сонирхож эхэлсэн, цаашид ур чадвараа ахиулж, шавь нартаа ч энэ чиглэлээр зааж сургахыг зорьж байна гэв.