ХӨВСГӨЛ: Аялагчдад зориулсан "Хийморь-24” цогцолборыг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл, Булган аймаг
хиллэдэг нутаг буюу Тариалан сумын Намнангийн ард Хөвсгөл геологи, Хөвсгөл монтрэйвэл компани хамтран тэрбум гаруй төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтаар аялагч
иргэдэд зориулсан “Хийморь-24” цогцолборыг барьж ашиглалтад орууллаа.
Тус төв ашиглалтад орсноор Хөвсгөл нутгийг зорьж буй аялагч иргэд ая тухтай амарч тухлах төдийгүй Тариалан сумын 20 иргэн байнгын ажилтай болж буйгаараа онцлог юм.
“Хийморь-24” төв нь 24 цагийн дэлгүүртэй, 30 хүн хүлээн авах ая тухтай стандартын зочид буудал, нэг дор 70 иргэнийг хүлээн авах ресторантай юм.
Мөн 24 цагийн дугуй засвар, тохилог
дулаан стандартын ариун цэврийн байгууламж зэргийг байгуулжээ.
Хөвсгөл нуурыг жилд 130 гаруй мянган аялагч иргэд зорин ирдэг.
Хөвсгөл
нутгийг зорин ирж буй хэн бүхнийг тосон угтах “Хийморь-24” төв хоймор нутгийн өнгө төрхийг тодорхойлох учраас
орчныг иж бүрэн тохижуулна гэдгийг "Хөвсгөл геологи" ХХК-ийн захирал Л.Цэрэнжав ярилаа.