БАЯНХОНГОР: Зарим суманд -36 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-03 13:52:07
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгорын зарим сумын нутаг, Хангайн нурууны орчмоор энэ сарын 8, 9-нд шилжих шөнөөс хойш хүйтний эрч эрс чангарахыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв. Мөн 10-11-нд шилжих шөнө Баянхонгорын Гурванбулаг зэрэг сумын нутгаар шөнөдөө -34-36 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Энэ сарын 3-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 6-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5, 6-нд говийн нутгаар 10-12 м/с хүрч ширүүсч явган шуурга шуурна.

Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Заг, Байдрагийн хүрэн бэлчирээр шөнөдөө -25-30, өдөртөө -12-17, Галуут, Эрдэнэцогт, Шаргалжуутын нутгаар шөнөдөө -20-25, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. Алтайн салбар уулс, хээр талын нутгаар шөнөдөө -15-20, өдөртөө -6-11 градус, говийн нутгаар шөнөдөө -11-16, өдөртөө -1-6 градус хүйтэн байх төлөвтэй.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хамгийн хүйтэрдэг нутаг бол Гурванбулаг. Тус сум аймгийн төвөөс 260 км, Улаанбаатар хотоос 900 км алслагдсан. Баянбулаг, Хүрээмарал, Заг, Жаргалант, Завхан аймгийн Отгон сум, Архангай аймгийн Цахир, Хангай сумуудтай хиллэдэг бөгөөд сумын нутаг дунджаар далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөрт өргөгдсөн учир жилийн 4 улиралд сэрүүний хугацаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай цэвдэг хөрстэй.

Гурванбулаг суманд жилийн 306 хоногт хасах градустай байдаг онцлогтой бөгөөд зун нь сэрүүн, богино болдог. Агаарын хамгийн дулаан жилдээ +20+23.6 градус дулаан, хүйтэн үедээ -49.7-50.2 градус хүртэл хүйтэрдэг.
Холбоотой мэдээ