Юн Сог Ёль: БНСУ олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-12-04 00:21:08

СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /TASS/. Онц байдал зарласан хэдий ч БНСУ олон улсын тавцанд хүлээсэн үүргээ биелүүлсээр байх болно гэж Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэдэгдлээ. 


“Эрх чөлөөт БНСУ-ын хувиршгүй бодлогыг хадгалахын тулд энэхүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой. БНСУ-ын хэрэгжүүлж буй гадаад бодлогын үндэс суурьт ямар ч өөрчлөлт орохгүй” гэдгийг тэрбээр онцлон дурдав. 


Парламентад олонхын суудлыг эзэлж буй сөрөг хүчин засгийн газрын голлох албан тушаалтнуудыг огцруулах оролдлого хийснээр гүйцэтгэх засаглалын ажлыг гацааж байгаа учраас онц байдал зарлах тухай шийдвэр гаргасан гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдлээ.


Тэрбээр хэлэхдээ "Умард Солонгосын талыг баримтлагчидтай" тэмцэх, Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалахын тулд энэхүү арга хэмжээг авч байна” гэв. “Үндэсний Ассамблей нь захиргааны тогтолцооны үйл ажиллагаанд саад тотгор учруулж буй гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болж хувирсан бөгөөд тэд парламентын дарангуйлал тогтоох замаар чөлөөт ардчилсан тогтолцоог нураахыг оролдож байна" гэж Юн Сог Ёль мэдэгдээд, сөрөг хүчин төсвийн төслийг хүлээж авахаас татгалзсаныг дурдсан байна.

Холбоотой мэдээ